ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТУЛАЛДАЖ, ЭЦЭСТ НЬ ХЭЛМЭГДЖЭЭ
Монголд “Власовын арми” хэмээн бидний ярьдаг “505”-ынхан төмөр зам барилцжээ. ЗСБНХУ-ын Дотоод явдлын яам Монголд төмөр зам барих ажлыг гардан хариуцаж,
80 мянган хүнтэй хоёр хорих лагериас бүрдсэн “505 дугаар барилга” хэмээх Удирдах газрыг байгуулжээ. Даргаар нь хошууч генерал Ф.А.Говоздевский, орлогчоор нь дэд хурандаа Д.В.Успенский, ерөнхий инженерээр нь Н.К.Гельнерийг тус тус томилжээ.
Тус Удирдах газрын хоригдлуудын эгнээнд Власовын (Оросыг чөлөөлөх арми) армийнхан цөөнгүй байсан аж. Тэдний дунд ардын дайсан нэр авч, хорих ялаар шийтгүүлсэн цэргийн, энгийн хүмүүс, эмэгтэйчүүд, мөн эрүүгийн хэрэгтнүүд ч олноороо байжээ. Эх орны дайны үед буюу 1941-1945 онд Германы талд 800 мянгаас 1.2 сая орос хүн тулалдаж байсан тухай баримт байдаг. Цэргийн олон дарга нарын хувьд Власовын арми гэдэг Оросын ард түмнийг чөлөөлөх хорооны зэвсэгт хүчинд алба хааж байсан аж. Энэ армид 1944-1945 оны хавар хүртэл улаан армиас дэслэгч генерал нэг, хошууч генерал зургаа, бригадын комиссар нэг, бригад командлагч нэг, хурандаа 42, нэгдүгээр ангийн ахмад нэг, дэд хурандаа 21, батальоны комиссар хоёр, хошууч 49 алба хааж байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Власовын армийн үлдэгдэл гэгддэг тэднийг өнөөдөр сайнаар бүү хэл муугаар ч дурсах нь ховор.
“505”-ынхан Орос эх орныхоо төлөө эцсээ хүртэл тулалдаж, цагийн салхинд хэлмэгдэж, Монголд ирж төмөр зам тавьсан байдаг. Тэд тухайн үеийн ЗХУ-ын удирдлага, цэргийнхний хоорондын үл ойлголцол, улс төрийн гадаад, дотоод бодлогын буруу, зөрүү ойлголтын золиос болж хэлмэгджээ.
Нефть олборлох, боловсруулах анхны үйлдвэрийг “505”-ынхан улаан гараараа босгосон аж.
Хүүхнүүд нь арай хөнгөвтөр, эрчүүд нь уурхай, жонш зэрэг хүнд ажилд явдаг байжээ. Тэр хүүхнүүд офицер голдуу эмнэлгийнхэн, холбоочид, нисгэгчид байсан бололтой. Хожим 1950-аад оны дундуур Сибирьт аваачиж, газар доогуур уурхайд ажилуулах болсон гэсэн мэдээлэл байдаг аж.
1953 оны гуравдугаар сарын 28-нд И.В.Сталиныг нас барсны дараа К.У.Ворошиловын тушаалаар зарим хүнийг анги, нэгтгэлээр нь нэр зааж цагаатгажээ. Тухайн үеийн монголчууд тэднийг хоригдол, ялтан, эх орноосоо урвагч гэж үздэггүй, үр хүүхэд, ахан дүүс шигээ халуун дотноор ханддаг байжээ.
Малчид утасны модны нүх ухаж буй орос хүүхнүүд дээр хонь, ямаагаа туугаад очиход төмөр аягаа барьж гүйлдээд, ямааны сүү сааж авдаг. Орос дарга нар монгол айлуудаар орж гардаг. Монголчуудад бүжиг наадам зааж, дуу хуур болцгоодог байсан аж.
ТӨМӨР ЗАМТАЙ БОЛОХ МОНГОЛЧУУДЫН МӨРӨӨДӨЛ БИЕЛЭВ
Богд хаант Монгол улсын Засгийн газар төмөр замтай болохыг мөрөөдөж, улсын дээд, доод хурлаар хэлэлцүүлж байжээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа нам, төрийн эрх барих дээд байгууллагууд энэ асуудлыг сэргээн хэлэлцэж, хойд хөршийн тусламж дэмжлэг авахыг зорьж. Коминтерний заавар, Зөвлөлтийн удирдагч И.В.Сталины дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдаар томилогдож, Цэрэг, Дотоод, Гадаад яамдын сайдын эрх мэдлийг гартаа авсан Х.Чойбалсан 1939 онд Москвад албан ёсоор айлчлахдаа, эхлээд Дотоод явдлын яамны сайд Л.Бериятай, 1940 онд И.В.Сталинтай биечлэн уулзаж, эх орондоо төмөр зам барих асуудлыг хөндөн тавьжээ.
Монголд төмөр зам барих тухай Х.Чойбалсаны хүсэлт Зөвлөлтийн удирдагчдын батлан хамгаалах стратегийн бодлоготой нийцэж байсан учир тэд шууд зөвшөөрсөн аж. 1940 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр Кремльд И.В.Сталин Х.Чойбалсанг хүлээн авч “Танайхны энэ хүсэлт хэзээ мөдгүй биелэх болно. Төмөр зам хөгжил авчирдаг учир танай орон ч энэ замаар урагшлах учиртай” хэмээн хэлжээ. Харамсалтай нь Германы фашистууд тус улсад довтолж, түүний хэлсэн энэ үг биелэлээ олж чадаагүй аж.
Маршал Х.Чойбалсан 1947 оны наймдугаар сарын сүүлчээр Крымд амарч байхдаа И.В.Сталинтай дахин биечлэн уулзжээ. Тэд хундага барин ширээний ард сууж, Монгол орны хөгжлийн асуудлаар тухтай хүүрнэлдэж, Сталин эх орны их дайны үеэр Монголын ард түмний үзүүлсэн өгөөмөр тусламжийн талаар, гурван их гүрний Ялтын бага хурлаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн томоохон шийдвэрт хүрсэн тухай дурсаж, харин Х.Чойбалсан төмөр зам тавих өмнөх шийдвэрээ сэргээхийг хүсчээ.
И.В.Сталин, хундагатайгаа өргөж, "Танай орон төмөр замтай болно. Үүний төлөө тогтооцгооё" гэсэн гэдэг. Дараа нь утсаа авч, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Гадаад худалдааны яамны сайд Анастас Микоян руу залган, Монголд төмөр зам тавих талаар шийдвэрийн төсөл бэлтгэхийг үүрэгджээ.
И.В.Сталины эрх мэдлийн оргил үе байсан тул тушаал дорхноо хэрэгжиж, 1947 оны есдүгээр сарын 04-нд “Наушки-Улаанбаатарын төмөр замын шугамыг байгуулах тухай” ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн 31.34-10.24 тоот “маш нууц” тогтоол гарчээ. Энэхүү тогтоолд И.В.Сталин гарын үсэг зурсан байна. 1949 онд Улаанбаатар-Наушки чиглэлийн төмөр замын нээлт болсноор Монгол Улс гадаад ертөнцтэй хамгийн бат бөх дэд бүтцээр холбогдсон байна. Төмөр замыг дагаж хот суурин, бүхэл бүтэн соёл иргэншил үүсчээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
October 17, 2017
Tags :
Түүхийн хуудас
Subscribe by Email
Follow Updates Articles from This Blog via Email
No Comments